“ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ” ба ГЭМТ ХЭРЭГТНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГ

Бага насны хүүхдийг хүчирхийлэгчид нэмэгдэж, улмаар сэтгэл түгшээж зүрх шимшрүүлсэн гэмт хэргүүд ар араасаа гарч байгааг шийдвэрлэх арга зам нь цаазын ялыг сэргээх гэж үзжээ. Цаазын ялтай болвол гэмт хэрэгтнүүд “үхэх ял”-тай учраас иргэдийн айж эмээх нь багасч гэмт хэрэг буурах юм байх. Чухамдаа яг ийм байдаг уу гэдгийг тодорхойлохын тулд асуудлыг олон талаас нь харах шаардлагатай. Ялангуяа энд “хүчингийн гэмт хэрэг” болон “гэмт хэрэгтэн”-ий онцлог ямар байх, цаазын ял сэргэснээр гэмт хэрэгтний сэтгэл зүйд нөлөөлөх үү, нөлөөлөх бол ямар хэмжээгээр, гэмт хэрэгтэн цаазлуулснаар бага насны хүүхдүүд тайван амьдрах боломж бүрдэх үү, эцэст нь нийгэмд эерэг хандлага бий болох уу гэдгийг судалсан, баталсан олон зүйл хэрэгтэй. Харамсалтай нь манайд энэ төрлийн судалгаа огт хийгдэж байгаагүйгээр үл барам хийгдэх төлөвлөгөө ч сонсогдохгүй байна.

Нэгэнт энэ ялыг эсэргүйцэх тов тодорхой үндэслэлийг олон хуульчид хэлсээр байхад  давтан нурших илүүц биз. Хэдийгээр цаазын ялыг  байлгах нь зөв буруу гэдэг асуудал нь ихээхэн маргаан дагуулдаг ч дэлхийн хөгжилөөрөө түүчээлэгч улс орнууд ямар хандлага барьдаг талаар цухас өгүүлье.

Гэмт үйлдлийг хүн үйлддэг ба үйлдэлд хүргэх үндсэн шатгааныг олж тогтоохын тулд хүн ба төлөвшил гэдэг зүйлээс яриагаа эхлье.

Хүний сэтгэл зүй

Нэг хүн нөгөөгөө хараад найз, эсвэл дайсан, эс бөгөөс сексийн магадлалт хамтрагч гэж хардаг болохыг эрдэмтэд баталжээ. Хүн байгалийн амьтан л юм хойно нөхөн үржлийн өнцгөөр сексийн магадлалт хамтрагчийг харна. Эмэгтэйчүүд нь ухамсаргүйгээр царайлаг буюу нүүрний өнцгүүд болон эрхтэн нь тэгш зөв, биеэрхүү буюу өөрийг нь хамгаалж чадахуйц, өгзөг нь хатуу чанга буюу бэлгийн чадавхтай, хөл нь булчинлаг буюу тугшүүр ирэхэд нэг бол гүйж зугтах эсвэл унахгүй зогсох чадвартайг сайхан залуу гэж харна. Харин эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг харахдаа мөн л ухамсаргүйгээр царайлаг буюу нүүрний өнцгүүд болон эрхтэн нь тэгш ба зөв, хүүхэд төрүүлж чадахуйц өгзөг, хүүхэд хөхүүлж чадахуйц хөхийг илүүд үздэг байна. Насны хувьд ч хүүхэд төрүүлж чадахуйц насны эмэгтэйчүүдийг онцгой таашаана. Аль аль хүйстнээ эсвэл ижил хүйстнээ сонирхогч нь ихэвчлэн төрөлхийнх байдаг учраас эсрэг хүйсийн гормон давамгайлсанаас болж ижил хүйстнээ мөн ижил харах өнцөгтэй.

Эхлээд бид хүнийг дээрх  байдлаар ангилдаг боловч хүний биеийн хөдөлгөөн, микро үйлдэл, дуу хоолой, хоолойны өнгө, үг яриа зэргээс шалтгаалан өөрийн дүгнэлтийг өөрчилдөг. Бид хэдий “сайхан” үгэнд дуртай ч үг хүний талаарх дүгнэлтийн зөвхөн 7 хувийг л бүрдүүлдэг. Аливаа хүнийг хараад гаргаж байгаа үйлдэл, нүүрний хувирал, илэрхийлэл эцэст нь үг хэлийг бидний тархи ухамсаргүйгээр үнэлж байдгаас эхлээд найз, дайсан эсвэл амраг гэж харсан хүнээ өөр ангилал руу оруулдаг байна. Гэтэл энэ онолоор хүн аливаа хүүхдийг хараад дайсан эсвэл сексийн магадлалт хамтрагч гэж үзэх боломжгүй юм. Харин хүүхэд байгаль, хоол хүнс, буруу зуршлын нөлөө бага тул нүүрний өнцөг зөв, тэгш, хөөрхөн гэдэгтэй хэн ч санал нийлэх боловч энэ нь сексийн дур хүргэх биш харин хүний зөөлөн талыг сэдээх ёстой байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг хараад ухамсаргүйгээр хамгаалж, шаардлагатай хэрэгцээг нь өгөх мессежийг тархи өгдөг.

Тэгвэл яагаад боломжгүй сэдэл зарим хүнд төрж, сэтгэхүйн гаж өөрчлөлтөд ордгийг олон эрдэмтэн судалж, хүний сексийн хандлагад хүүхдийн төрсөн цагаас хойш энгийн холлох хэрэгцээг хангахаас эхлээд хайр, халамж, харилцаа зэрэг нь нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Хүний төлөвшил, сексийн хандлагыг судлаач хамгийн том төлөөллийн нэг Австрын неурологич, психоаналист Зигмунд Фройд  (1856-1939) сексийн хандлага нь хүнд бага насанд нь төлөвшчихдөг гэж үзсэн байдаг. Цаг хугацааны явцад энэхүү онолын зарим хэсгийг олон судлаачид зөрчилтэй гэж үзсэн ч эрдэмтэд түүний онолыг суурь болгон ашигладаг. Онолыг энгийн үгээр тайлбарлахад секс болон харилцааны хандлага нь хүн дөнгөж төрөхөөс аваад 7 нас хүртэлх хугацаанд төлөвшихдөө ямар хэрэгцээ нь хангагдаж байгаагүй болон юунаас таашаал авч байсан гэдгээс сэтгэлзүй, ухамсар ухамсаргүйгээр төлөвшиж үлддэг гэж үзжээ. Жишээ нь:

  • насны хооронд хүүхэд ярьж чадахгүй, хүссэн зүйлээ авах гэж уйлж өөрийгөө илэрхийлдэг. Хүний дуу хоолой тааламжтай, хүссэнээрээ идэж, ялгадсаа хүссэн цагтаа гаргачихаад нойтон, хүйтэн зүйлээ цэвэрлүүлчихвэл тайвширдаг. Энэ үед хүүхэд эхийнхээ хөх, угж хөхөж, бүүвэйн дуу сонсож унтдаг нь энгийн хэрэгцээ. Харсан зүйлээ амандаа хийж үздэг нь хорвоог танин мэдэх эхний алхам хийгдэж байгаа гэдгийг хэн ч ойлгоно. Харин энэ үед эхийн хайр, тааламж төрүүлэх харилцаа дутмаг бол хүүхэд тухайн хэрэгцээ нь хангагдахгүй үлдэж, хожим стресст орох үед өнөөх нөхөгдөөгүй орхигдсон зүйлээ ухамсаргүйгээр хайж эхэлдэг. Тамхи татах, хувцасны зах эсвэл харандаа мэрэх, их идэх, уух зэргээр илэрч буй байдлыг хүүхэд зөвхөн зарим хэрэгцээгээ (хоол) эцэг эхээсээ авч байсантай холбоотой байна. Хүүхэд юу ч ойлгохгүй үедээ зөвхөн дуу хоолой, үнсэлт, тэврэлт, хоол сүүгээр таашаал авч байжээ. Хангалттай авч чадаагүй эсвэл зарим хэрэгцээгээ (хоол) аваад бусад хэрэгцээгээ авч чадаагүй бол хүн өөртөө итгэл бага, “зайлсхийх” эсвэл “бусдыг буруутгах” хандлагад шилжиж төлөвшдөг байна.

1-3 насанд бусдаас хүссэн юмаа авах нь таашаал төрүүлж эхэлнэ. Мөн энэ үед хүүхэд өмдөндөө бие засахгүй байхад суралцдаг нь өөрийгөө хянах болон зөв, буруугийн ойлголтын төлөвшлийг төрүүлж эхэлдэг байна. Эцэг эх хүүхдийг зориулалтын газар бие засах шаардлага тавьж эхэлснээр хүүхэд өөрийн дураар биш, биеэ хянах хяналтанд орж суралцдаг. Эхэндээ мэдээж энэ нь тийм ч таатай биш ч явцын дунд өмдөндөө шээхдээ ичих зэргээр зөв буруугаа ухамсарлаж эхлэнэ. Харин хүүхэд айсан, эмээсэн, сэтгэл тавгүй эсвэл хүн санасан үед өмдөндөө, орондоо шээс алдах нь элбэг. Учир нь айдас, түгшүүр хүний биед зугтах инстинктийг төрүүлдэг ба хүний хөл рүү зугтах ёстой гэсэн мэдээлэл тархинаас хүрдэг. Хэрэв гүйх эсвэл залсхийх үйлдэл гаргавал бие засах хүсэл түр дарагдах харин үгүй бол өнөөх энерги нь хүний биеийн доод хэсэгт даралт үзүүлж, бие засах хүсэл төрж эсхүл эрхтэн хөвчирдөг байна.  Гэтэл хүүхэд яг энэ насандаа өөрийгөө амьтан биш хүн болсноо ойлгож эхэлдэг байна. Бие засах сургуулилт муу хийсэн хүүхэд замбараагүй, хувийн зохион байгуулалт тааруу, зөв буруугийн ойлголт сул нэгэн болдог бол хэт загнах нь хяналтгүй, цочмог ууртай, асуудлаас зугтагч болгодог шалтгаан нь зөвхөн өөрөө хянах ёстой зүйлийг яавал зөв, бурууг ойлгоогүй байхад өөр хүн хүчээр хянах оролдлого хийсэнтэй холбоотой. Мөн энэ үед хүүхэд өөрийгөө анх удаа бусдын адил гэдгийг мэдэрч эхэлдэг. Дасан зохицох хандлагыг энэ үеэс нь төлөвшүүлэхгүй бол хүүхдэд ялгаварлан гадуурхах хандлагатай болдог байна.  Хүүхдийг загнах, хажууд нь уурладаг бол хүүхэд том болсон хойноо түгших, эсвэл стресст ороход шээс ойрхон хүрэх магадгүй бэлгийн дур хүслээ ямар нэг байдлаар хангаж таашаал авах магадлалтай эсвэл бүр аль аль нь ч болж болдог байна.

Хүчирхийлэгчдийн нэг төрөл болох “хамтрагчдын хүчирхийлэгч” гэж ойлголт байдаг. Энэ нь хамтрагч, эхнэр, нөхөр нь бусадтай харилцаатай болох эсвэл өөрийг нь орхих магадлал бий болох, хамтрагчаа их уурлуулах, үл ойлголцох үед өнөөх зугтах мэдрэмж төрж, түүнийг дур хүсэл гэж ойлгон хамтрагчаа хүчээр эзэмддэг хүчирхийлэгчийн хэлбэр юм. Энэ төрлийн хүчирхийлэгчдэд хүслээ хангаснаар тайвширч байгаа боловч үнэн хэрэгтээ үүссэн асуудал арилахгүй үлддэг. Тиймээс тухайн хүмүүсийн стресс нэмэгдэхэд зөв буруугийн тархинд суусан ухамсраас шалтгаалж хүний ааш авир, үйлдэлд өөрчлөлт ордог.

3-6 (7) насанд хүүхэд өөр өөр хэлбэр, дүрсийг сайн ялгаж эхэлдэг ба энэ үед эмэгтэй, эрэгтэй гэдгээ ялгадаг болдог. Тиймээс л эсрэг хүйстэй хүүхэдтэй харилцах харилцаа нь өөр болж, мөн эцэг эхийнхээ аль эсрэг хүйстэйд нь илүү татагдаж, нөгөө эцэг эсвэл эхээсээ харамлаж эхэлнэ. Гэвч сэтгэл дотроо хамгийн хайртай хүнээс нь салгах вий, тэд ирэхгүй болчих вий гэсэн айдас байнга байдаг учраас шаардлагатай үед хамт байна гэдгийг баталгаажуулахын тулд унтахдаа уух юм нэхэх зэргээр өөрийг нь орхиод явчихгүйг баталгаажуулж унтдаг.  Мөн энэ үед “яагаад” гэдэг асуултууд ар араасаа цувж хариултыг олохыг хичээдэг тул хүүхдийн нийгэмд төлөвших төлөвшлийн томоохон хэсгийг энэ хугацаанд бүрддэг гэж үздэг. Чухам яг энэ үед хүүхдийн харилцааны ур чадвар, зөрчлийг шийдвэрлэх арга мөн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага хөгждөг байна.  Эрэгтэй хүүхдүүд хүчтэй, эрэлхэг зоригтой хүмүүсийг дуурайдаг нь хайртай ээж эсвэл аавыг нь өөрөөс нь аваад явах гэвэл хамгаалах хүчтэй болох гэсэн далд хүсэлтэй харин охид хүүхэлдэйгээр тоглодог нь өөрийн хүүхдээ хамгаалах далд ухамсар ажиллаж байдаг. Энэ үед хүүхдэд тухайн хамгаалалт байгаа гэдгийг итгүүлэхгүй бол хүүхэд аймхай, түгшүүртэй, аливаа асуудлын учрыг өөрөө олох гэж оролдох учраас зөрүүд болж төлөвшдөг.

6 (7)-аас өсвөр нас хүртэл сексийн аливаа төлөвшил хандлага бага явагддаг ба энэ үед хүүхэд нийгмийг илүү өөрийнхөө танин мэдэж, өөрийгөө хамгаалах аргачлалд суралцдаг байна. Өөрийнгөө хамгаалах, эрсдлийг даван туулах аргачлал сууж байх энэ үед эцэг эх нь салсан, нас барсан, хэрэлддэг, зодолддог бол хүүхэд эцэг эхийгээ эвлэрэхийг хүсэх ба харилцаанд асуудал үүсэх эсвэл асуудал үүсэх магадлалтай гэж өөрөө итгэсэн үедээ түрүүлж зугтаж шийдвэрлэх эсвэл хүчээр өөрийнхөөрөө шийдвэрлэх хандлагатай болдог байна. Мөн энэ үед хүүхдийн төсөөлөн бодох чадвар эрчимтэй хөгждөг. Аливаа зүйлийг төсөөлөхдөө ингэвэл асуудал арилах мэтээр ургуулан бодож эхэлнэ.

Өсвөр наснаас насанд хүртэл даавар ялгарч эхлэх тул бэлгийн дур хүсэл бий болж, юу таашаал төрүүлж байна, юу төрүүлэхгүй байна гэдгийг ялгаж эхэлнэ. Мөн хүн эсрэг хүйстний харилцаанаас бий болсон учраас энэ үед эсрэг хүйстнээ сонирхож, сексийн таашаалыг бие махбодиороо мэдэрч эхэлдэг байна. Гэвч хүүхэд энэ үед өөрийгөө бүрэн олж таньж мэдээгүй байдаг тул ухамсаргүйгээр суусан хэв шинж, зан байдлыг өөрчлөх интенвенци хийхэд тохиромжтой үе болдог байна.

Фроидын онолоор хүн юунаас дур таашаал авах нь хүүхэд байхад тогтдог гэж үздэг бөгөөд энэ хугацаанаас хойш аливаа хандлага шинээр бий болохгүй зөвхөн тархинд нь суусан мэдээлэлтэй холбоотойгоор илэрдэг гэж үзжээ. Өсвөр наснаас насанд хүрэх хүртэлх хугацаанд сексийн таашаалыг бие махбодиороо мэдрэх үед хүний сэтгэхүй авсан тааламжаа давтамжтайгаар нэхэж эхэлдэг байна. Тухайн тааламжтай мэдрэмжид ам, дуу хоолойноос таашаал авах (0-1 насанд мэдэрсэн эсвэл үгүйлсэн),  өөрөө хянах эсвэл хүнээр хянуулах (1-3 нас), өөрийг нь хайрласан хүн гэхээсээ илүүтэйгээр өөрөө хайртай гэж бодсон зүйлээ авах гэж дайрах (3-6 нас) далд ухамсар суусан байдаг байна. Насанд хүрэх үед хүний бие бүрэн хөгжиж, төлөвших мэдээллийг аль хэдийн авсан учраас өөрийн хянаж чадахгүй зүйлс стресс, сэтгэл зүйн дарамт, уур, айдас төрүүлж дээр дурьдсан зугтах мэдрэмж давамгайлж эхлэхэд хөл хүндэрч, шээс хүрэх эсвэл эрэгтэй хүнд эрхтэн хөвчирөх байдал илэрнэ. Ийм нөхцөл байдалд орсон үед хэрэв хүүхдийн суурь 1-3 насны хүмүүжил сайн бол буруу зөвийг ялгах чадвар нь ажиллаж харин чадаагүй бол хяналтаа алдах аюултай. Өсвөр наснаас нас бие гүйцэх хүртэлх хугацаанд амиа хорлох, бэлгийн буруу зуршилд автах, донтох түгээмэл ба ялангуяа бэлгийн таашаал авах үед төсөөлөн бодох (6-өсвөр насанд суусан) нь нэмэгдэх хандлагатай болдог.

Судлаачид нас бие гүйцэх гэдгийг 17 орчим нас гэж үздэг бол хүн энэ наснаас үргэлжилсээр 26 (зарим хүн 25-30 насны хооронд) нас хүрэх үед би хэн бэ, юунд дуртай вэ, яагаад ийм юм болов, гарц нь юу вэ гэдгийг өөрт тохиолдсон бүхий л амьдралын туршлага дээр үндэслэн өөрийгөө олдог байна. Харин түүнээс цааш зөвхөн харьцуулан бодож үйлдэх, тэвчээр, хүлээцэд суралцдаг байна.

Насанд хүртлээ хуримтлуулсан туршлага хүнийг ямар хүн болохыг тодорхойлсон бол сэтгэл судлаачид сэтгэл заслын олон аргуудыг ашиглан хэвшсэн, нуугдмал, далд ухамсарт өөрчлөлт хийдэг байна. Судлаачдын хамгийн өргөн хэрэглэдэг арга бол тухайн эх үүсвэрийг илрүүлэх, гаргаж ирэх улмаар асуудлыг илрүүлсэнээр өөрт нь ойлгуулах юм. Архичин хүн архичин гэдгээ ойлгох нь хамгийн том дэвшил болдогтой адил үүсэж буй асуудлын гол шалтгаан нь хүний бага насны хүмүүжил, харилцаа, хандлагатай холбоотойг ухамсарлах нь хамгийн том алхам болох ёстой юм.

Гэмт хэрэгтний сэтгэл зүй ба федофил (педофил)

Хүүхэд хүчирхийлэгчдийг шинжилж үзэхэд дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн дарамт, доромжлол эсвэл гэр бүлийн уур амьсгал байнгын хэрүүл, зодоонтой өссөн байдаг нь батлагджээ. Мөн хүн амины хэрэг давтан үйлдэгсэд болон хүчингийн гэмт хэрэгтнүүдийн хүүхэд насны хүмүүжил, өссөн төрсөн орчин ижил төстэй олон шинж агуулсан байна. Гэвч тэдний зарим нь ар гэрийн орчин нөхцөл сайн, эцэг эхийн боловсрол өндөр байх тохиолдол бий. Гэмт хэрэгтний сэтгэл зүйн онцлог судлаач, эрдэмтэн доктор Ж.Машийн 2003 онд хийсэн судалгаанаас харахад амьдралын бололцоо, эцэг эхийн боловсрол сайн ч бусад гэмт хэрэгтнүүдтэй нэгэн ижил ертөнцөд очдог нь 6-аас дээш насанд үзсэн туулсан асуудал, дарамт, нэг удаагийн эсвэл байнгын доромжлол, тодорхой үйл явдал сэтгэл зүйд нийтлэг байдлаар нөлөөлсөн гэжээ. Өсвөр насанд бусдаас онцлог зүйлээр гадуурхагдах, нэг удаагийн таагүй үйл явдал, бусад хүүхдийн өмнө эвгүй байдалд оруулсан зэрэг нь сэтгэлзүйд гүнзгий сэтгэгдэл төрүүлж үлдсэн нь сэтгэл зүйчдийн судалгаагаар харагдсан байна. Интегратив хандлагын хүрээнд гэмт хэрэгтэнтэй ганцаарчилсан ярилцлага, төвлөрөл, далд ухамсар эсвэл дурсамж судлах, сэтгэхүй зан байдал, системчилсэн, зүүдний тайлал гэх зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж гэмт хэрэгтний сэтгэлзүйг судалсан байдаг нь нэг аргаар гэмт хэрэгтний сэтгэл зүйг ойлгох боломжгүйг харуулж байгаа юм. Магадгүй хүн 6 наснаас өмнөхийг тэр бүр санадаггүй учраас хэлэх боломжгүй зүйлийг далд ухамсрын эмчилгээний аргаар гаргаж ирсэн байх магадлалтай. Ийм тохиолдол ч олон байна.

Охаёогийн их сургуулийн социологич профессор Декесереди “Коллежийн хотхоны бэлгийн хүчирхийлэл: Эрэгтэй бүлгийн дэмжих дүр төрх” сэдэвт номд эрэгтэй оюутнуудын бэлгийн түрэмгийлэл болон бүлгийн дэмжлэгийн хоорондох харилцааны талаар өгүүлэхдээ түрэмгий байх нь хүүхэд насанд тархинд суусан айдас, бусдаас өөр байх онцлогоос эмээгчдэд даган дууриах, дэмжлэг үзүүлэх ухамсаргүй үйлдлийн золиос болгодог гэжээ.  Энэ нь 3-6 (7) насанд суусан ялгаатай байхыг хүлээн зөвшөөрөх ухамсар дутмагийн үр дагавар байна.

Манай улсад энэ төрлийн судалгаа байхгүй. 2018 онд МУИС-ХЗС Эрх зүй-5 дугаар түвшний оюутан Б.Ариунтуяа 2013 оноос өмнөх өнөөдрийг хүртэлх байдлаар шүүх.мн сайтад байршуулсан шүүхийн шийтгэх тогтоол буюу анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүдийг сонгон авч судалгаагаа хийснээр бага насны охид бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа тохиолдлыг бодит баримт дээр тулгуурлан судалж Хууль тогтоомж, бодлого судалгааны төвд гаргаж өгчээ. Б.Ариунтуяагийн судалгаагаар 2013 оноос өмнө 134, 2013 оноос хойш нийт 199 хэрэг бага насны хүүхдийг буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна. Гэмт хэргийн гаралтаар 44 хувь нь Улаанбаатар хот, 56 хувь нь хөдөө орон нутагт гарсан 2 настайгаас[1] эхлээд 14 хүртэлх насны охидыг хүчирхийлсэн хэрэг маргааныг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэжээ. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувьд хохирогч охидын төрсөн аав, хойд аав, нагац, авга ах, танихгүй хүн, хөрш айлын залуу байна. Гэхдээ энэ мэдээлэл зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн өөрөөр хэлбэл гомдол гаргасан, тэдгээрээс шүүхэд шилжсэн хэргүүдийн мэдээлэл юм. Ихэвчлэн өөрийн төрсөн аав, хойд аав, нагац эсвэл авга ах, хөрш зэргээр танил хүмүүс бага насны хүүхэд хүчирхийлэгч байх нь энэ талын мэдээллийг нуун дарагдуулах хэлбэр рүү оруулдаг байна. Нуун дарагдуулсанаар бусдын хүүхэд дахин хохирох, өөрийн хохирсон хүүхдийн сэтгэлзүйн хүндрэлийг тооцоолж хэлэх боломжгүй юм.  Хүүхдээ хүчиндүүлж хохироод нөгөөг нь шоронд суулгаж давхар зовлон амсахаас зайлсхийх хандлагыг ээжүүд (дийлэнх тохиолдолд) баримталж байгаа нь мөнөөх л зөв буруугийн ялгаа, цаашдын хор уршгийг огт тооцоолж чадахгүй байгаагийн илрэл юм. Хүчирхийлэгч нь хойд эцэг, төрсөн эцэг байх тохиолдолд цагдаад мэдэгдэх нь “өрх гэрийн санхүүгийн орлого тасалдах” эсвэл “малд явах хүнгүй” болно гэсэн “өрөвдөлтэй” тайлбар хэлж хүчирхийлэгчдийг хамгаалах нь хохирогчийн төрсөн эх нараас өгсөн тайлбар, цагдаагийн мэдүүлэгт дурьдагдсан байна.

Гэтэл бага насны хүүхэд хүчирхийлэгчид садист буюу тамлан зовоож таашаал авах магадлалтай биш харин дийлэнх нь сексийн фантази, дур хүслээ өдөөх, таашаал авах гаж хандлага нь бага насны хүүхэд хараад төрдөгт хамаг аюул байна. Нэгэнт гаж байдлаар таашаал авч байгаа учраас хүн өмнө нь ялгарсан хормонтестороныг дахин ялгаруулах хүслээс салж чадах чадвар бага бөгөөд зөвхөн сэтгэл зүйн оновчтой бөгөөд тууштай арга, интервенци л үр нөлөө үзүүлэх магадлалтай. Бага насны хүүхдийн хүчингийн хэргийг давтан үйлдэх магадлал 84 хувьтай, харин насанд хүрэгчдийг хүчирхийлэгчид нийгэмд эзлэх байр суурь эсвэл хэсэг хугацааны хямрал, хамтрагч нь хуурсанаас эсвэл хаяхаас айсан, боломж байна гэж үзсэн эсвэл баригдахгүй гэж үзсэн, өөр хүнтэй унтаж үзэх гэсэн зэргээр “тохиолдлын” хүчирхийлэгч байх магадлал 54 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн хүчирхийлэгчид засрах магадлал 6 хувьтай байхад 1 удаагийн насанд хүрэгчийн хүчирхийлэгчдийн 54 хувь нь эхний үйлдэлдээ баригдсан бол зогсох магадлалтай.

Нэгэнт засрах магадлал байхгүй этгээдэд цаазын ялыг оноох уу?

АНУ, Израил, Энэтхэг, Бутанд хийсэн хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүд (яргалагч, онцгой байдлаар эсвэл ижил байдлаар хүний амийг тасалж таашаал авагч) болон хүчингийн гэмт хэрэгтнүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад гэмт хэргийн ял гэмт хэрэгтний сэтгэл зүйд огт нөлөөлдөггүй болох нь батлагджээ. Нэгэнт тухайн хүн төлөвшихдөө өөрийн хүслийг яаж хангахаа мэдсэн, түүнд төрөхөөс нь суусан уг байдлаас бие даан салах чадвар байхгүй учраас ялын хэмжээ алинд нь ч нөлөөлдөггүй байна. Мөн АНУ-ын Филадельфия мужид хийсэн судалгаагаар өөрийгөө илчилж, буруугаа хүлээсэн, буруугаа хүлээхгүй мэлзсэн эсвэл баригдсан гэмт хэрэгтнүүд бүгд гэмт хэрэг үйлдэхэд авах ялыг зарим нь мэдэж, зарим нь мэдээгүй байсан бөгөөд зарчмын хувьд мэдсэн, мэдээгүй нь тэдгээр хүмүүст огт сонин биш, зөвхөн хүслээ л биелүүлэх хандлагатай байжээ гэж дүгнэгдсэн байна.

2007 онд АНУ-ын Баар ассоциациас ялын дээд хэмжээний талаар хийсэн 3 жилийн судалгаагаа танилцуулахдаа цаазын ялыг хамгаалах эсвэл үгүйсгэх тал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч “энэ процесс нөлөөллийг бий болгож байна” гэжээ. Хүчирхийлэл болон хүний түрэмгий зан авирыг сүүлийн 25 жилийн турш судалж буй судлаач, доктор Б.Бушман энэ судалгааны дүгнэлтийг дүгнэхдээ “цаазын ял нь гэмт хэрэгтнийг бууруулах зорилготой боловч энэ нь урьдчилан сэргийлэх гээд байгаа зан авирын загварыг өөрөө бий болгож буйг харуулж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл хүн амины хэрэг үйлдэгчид, хүчирхийлэгчид болон бусад гэмт хэрэгтнүүдэд хүнийг алж болно гэдгийг зааж, үйлдсэн гэмт хэрэгт загвар бий болгохыг дэмжиж байгаатай адил болж байна. Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь хүчирхийллийг бууруулах, арилгахад чиглэгдсэн үндсэн концепци алдагдахад хүргэж хүчирхийллийг улам дэлгэрүүлэн, байж болохыг баталдаг байна. Энэ утгаараа хүчирхийлэл нь хүчирхийллийг хэзээ ч бууруулдаггүй. Бууруулсан тоо баримт, судалгаа, жишээ өдийг хүртэл нэг ч хийгдэж байгаагүй байна. БНХАУ-д цаазаар авхуулсан улс төрийн гэмт хэрэгтний 97 хувь нь гэм буруугүй, хүн амины хэрэгт ял авсан хүмүүсийн дунд хийгдсэн судалгаа байхгүй, нууцлалтай, харин хүчингийн хэд хэдэн хэрэгт ял авч цаазлуулсаны дараа өөр хүн буруугаа хүлээсэн эсвэл өөр хүн үйлдсэн болох нь өөр баримтаар нотлогдсон гэж Амнести Интернейшнл 2011 онд мэдэгдэж байсан. Гэвч ард түмний шүүх болон засаглалд итгэх итгэлийг бууруулахгүйн тулд энэ төрлийн мэдээллийг төрөөс олон нийтэд цацахыг хориглодог байна. АНУ-ын 25 цаазын 1 нь гэм буруугүй болох нь батлагдан цагааддаг ба одоогоор яг хэдэн гэм зэмгүй хүнийг дэлхий даяар цаазаар авсныг тодорхойлох боломжгүй байна. Тиймээс ч Сингапур, Япон, АНУ болон, (Хятадын) Тайван хэдийгээр цаазын ялыг бүрэн байхгүй болгоогүй ч ялтны ялыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсаар байна.

АНУ-ын мужуудын харьцуулсан судалгаагаар цаазын ялтай мужид гарах гэмт хэргийн тоо цаазын ялгүй мужуудтай харьцуулахад 48-101 хувиар илүү байна гэжээ. Дэлхийн 110 оронд нийт 74 жилийн хугацаанд хийгдсэн бүх төрлийн ялын харьцуулсан судалгаагаар аливаа ял гэмт хэргийн гаралтад нөлөөлөх магадлал 0.2 хувь байдаг гэсэн байна.

Гэвч энд нэгэн өөр асуудал ургаж гардаг нь ял гүйцэтгэсний дараах нийгмийн уур амьсгал, гүйцэтгэгчийн сэтгэл зүйн хор уршгийн асуудал юм. Цаазын ялыг гүйцэтгэхэд оролцогч талын сэтгэл зүйн хүчтэй хямрал нь буруутай хүнд “гэсгээл” үзүүлэх ёстой гэсэн хандлагыг хэвшүүлж ажлын дарамт, стрессийг гэр бүл, үр хүүхэддээ гаргах нь ял гүйцэтгэх болсноос 2 жилийн дараа хүчтэй илэрдэг гэсэн судалгаа байна. Сингапур, Япон, Тайван, АНУ-д мэргэшсэн сэтгэл зүйчид гэмт хэрэгтэнтэй ч, ял хэрэгжүүлэгчидтэй ч ажиллаж судалгаа, эрдмийн ажлын дүн шинжилгээ хийн, сэтгэл заслын эмчилгээний ололт амжилтаараа туршлагажиж байдаг бол манайд энэ чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйчид байхгүй. Нийтлэг байдлаар хандах хандлага хэзээ ч тус дөхөм болохгүй бөгөөд энд заавал хүчний ажилчид, шүүгчдийг ч сэтгэл зүйн мэргэшсэн хүний зөвлөгөө, хяналтад байлгах шаардлагатай. Үгүй бол бид дараагийн дарангуйлагчид, сэтгэл зүйн гүн хямралд орсон бүхэл бүтэн нийгэмлэг бэлтгэнэ гэсэн үг.

Өөр нэг асуудал бол цаазын ял авах авахгүй нь өмгөөлөгчийн чадвартай өргөн утгаараа холбоотой. Манай улс олон сайн өмгөөлөгчидтэй. Дийлэнх нь нөхөрлөл байгуулж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Илүү мөнгөтэй нь туршлагатай өмгөөлөгчдийг багаар нь хөлсөлж, харин мөнгөгүйд нь тийм боломж олдохгүй. Тухайн хүн буруугүй ч байж болно. АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Гинсбургийн хэлснээр саятан, тэрбумтнууд ямар ч гэмт хэрэг үйлдсэн өмгөөлөгчдийнхээ ачаар ялын дээд хэмжээ авсан тохиолдол манай улсын түүхэнд гарч байгаагүй. Та ямар ял авах вэ гэдэг таныг шүүхэд төлөөлөх хүний ур чадвараас шалтгаална гэсэн байна. Тиймд ялангуяа улсын өмгөөлөгчдийн чадавхи, туршлага, цалин хангамж, сэтгэл зүтгэл нь нөгөө талын өмгөөлөгчдийн идэвхи, түвшинд байж чадах эсэхийг судлах шаардлагатай байна. Тэдний ажлын байрны тогтвор суурьшил ч их зүйлийг өгүүлнэ.

Одоо бид хайчих ёстой юм бэ?

Хүчингийн гэмт хэргийг судлаачид сэтгэл зүйн өвчин гэж үздэггүй ч федофил (бага насны хүүхэд хүчирхийлэх)-г сэтгэл зүйн эмгэг, дисордер гэж үздэг. Секс болон хүчирхийлэл үйлдэхэд хормонтесторон ижил ялгардаг ба энэ төрлийн гэмт хэрэгтнүүд нэг бол дур хүслээ хангах зорилгоор хэнийг ч хайрлахгүй хүчирхийлж байна уу эсвэл дур хүсэл өдөөж байгаа зүйл нь федофил шинж агуулж байна уу гэдгийг ялгах шаардлагатай гэж үздэг. Бид ингэж цаг заваа зарцуулах нь энэ үйлдлийн уг үндсийг арилгахад чухал алхам болдог байна. Нэгэнт яаж энэ аймшигт түгшүүрийг арилгах вэ гэдэг шийдвэрийг гаргахдаа гол буюу үндсэн асуудлаа орхигдуулахгүй байх нь чухал.

Өнөөг хүртэл бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийг зөвхөн гэмт хэрэг талаас нь буюу үйлдэлд шийтгэл өгөх талаас нь харж ирсэн. Гэтэл энэ хандлага нь дэлхийд хоцрогдож, асуудлын ул суурийг эмчилэх аргадаа мөнгө зарцуулах болжээ. Гарч байгаа гэмт хэргийн суурь асуудлыг эмчилэх нь чухал. Ингэж чадахгүй бол асуудал улам хурцдаж, дараа дараагийн үеийг өөрчлөх цаг үлдэхгүй юм.

Тиймд бидний хамгийн эмзэг цэг болох гэр бүлийн хүүхдийн хүмүүжлийн асуудлыг дахин дахин ярих хэрэгтэй. Гэхдээ зөвхөн багш, сурган хүмүүжүүлэгчдийг буруутгаж үлдэх биш гэдгийг энд харуулахыг хичээлээ. Асуудалд тайван хандах, бусдыг ойлгох, хүндэтгэх зан чанарыг эцэг, эх хүүхдэддээ бага нас буюу сургуулийн өмнөх насанд нь суулгах шаардлагатай байдаг учраас сургуулийн өмнөх боловсролын багшийг ч энэ талын хандлагыг системтэй суулгах чиглэлд хөгжүүлэх нь зүйтэй. Хүүхэд том болоод ямар хүн болох вэ гэдэг эцэг, эхээс шалтгаална. Нийгэм, багш нарын үзүүлэх тодорхой хэмжээний үүрэг нь сэтгэл зүйд тулгуурласан хэвшмэл шинжийг өөрчлөхөд чиглэгдэх ёстойг энд нэмж дурьдая. Түүнээс тулган шаардах нь үр дүнд хүрдэггүй харин ч тогтсон хэв шинжийг даймжруулах аюултай. Бид өнөөдөр хүүхдийг жаахан, юу ч ойлгохгүй гэж боддог атал үнэн хэрэгтээ бидний үйлдэл бүр хүүхдэд төлөвшил бий болгосоор байна. Дараагийн үеийг ямар хүн болгох вэ гэдэг бидний ухамсар, үйлдэл, хандлага болгоноос шалтгаалах юм. Тиймээс сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, хүүхэдтэйгээ харилцах харьцаа, заавал олгох хүмүүжлийн талаар нухацтай ярих цаг нь болсон.

[1]http://old.shuukh.mn/eruuanhan/6617/view