Монголын олон сая доллар: Улс дамнан татвараас зайлсхийсэн гэх дуулианы сургамж

Маяа Форстатерийн Оюу Толгойн татварын асуудлаар бичсэн нийтлэлийн   монгол орчуулгыг хүргэж байна

4/3/18
Maяа Форстатер

Энэ оны эхээр Үндэстэн дамнасан корпорациудын судалгааны төв (”СOMO”) гэх Нидерландын төрийн бус байгууллага нэгэн тайланг нийтэлсэн нь олон улсын уул уурхайн компани Монгол Улсад 232 сая ам.долларын татвараас зайлсхийсэн гэх утгыг агуулсан байв.

Асуудал зэс, алтны Оюу Толгой (OT) уурхай болон Канадын Туркуойз Хилл (Австралийн Рио Тинто 51 хувийг нь эзэмшдэг) компанид төвлөрч байгаа юм. ОТ нь Монголд том төсөлд тооцогддог ба оролцогч талууд төслийн эрсдэл, зардал, ашгийг хөрөнгө оруулагч компани болон Засгийн газар хооронд хэрхэн хуваарилах талаар чамгүй урт хугацаанд хэлэлцсэн байдаг. Монголын ард түмний ашиг сонирхлыг хөндсөн тус төслийг тойрсон үйл явдлыг нарийвчлан судлах нь дэлхийн ижил төрлийн туршлагыг баяжуулах төдийгүй татварын асуудлыг ч тодруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

СОМО-ийн тайлан нь “Монгол улсад хохиролтой гэрээг Рио Тинтогоос Монголын Засгийн газарт шахалт үзүүлж баталгаажуулсан талаар дэлгэж” ингэснээрээ “Канад болон Монголд төлөх ихээхэн хэмжээний татвараас бултах бүтцийг зохиосон” болохыг харуулсан гэжээ. Oxfam (Орчуулагч: дэлхийн ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 20 байгууллагуудын нэгдэл) үүнийг “аж ахуйн нэгжийн татварын тогтолцоо болон хуулийн цоорхойгоор Монгол зэрэг ядуу орнууд авах ёстой татвараа хэрхэн алдаж байгаа” жишээ болгож гаргаж тавьсан байна. Turquoise Hill хариуд нь уг тайланг алдаатай, худал ташаа гэж мэдэгдэж. Түүгээр ч барахгүй, хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газартай нээлттэйгээр хэлэлцэн зөвшилцсөн бөгөөд компанийн бүтэц нь (Нидерланд ба Люксембург дэх охин компаниудыг хамруулаад) Монголын татварыг бууруулахааргүй, мөн Канадын татварын хуульд нийцэж байгаа юм гэжээ.

Дээрх төрийн бус байгууллага болон компанийн аль алиных нь мэдэгдэл Turquoise Hill болон Монгол Улсын Засгийн Газар хоорондын байгуулсан олон тохиролцооны зөвхөн нэгийг, тухайлбал хөрөнгө оруулалтын гэрээ -г хөндөөд байгаа юм. Ийм төрлийн гэрээг олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатай гэдэг дээр олон нийт санал нэгддэг. Гэрээг ил тод, нээлттэй болгосноор олон нийтийн хардалт, сэжиг багасаж, засгийн газраас компаниудтай илүү сайн нөхцөлтэй, тогтвортой, хэрэгжихүйц гэрээг байгуулах боломжтой болно гэж үздэг. Хэд хэдэн засгийн газрууд байгалийн баялагтай холбоотой гэрээний ил тод байдлыг хангаж ажиллахаа мэдэгдэж, Дэлхийн Банк, ОУСК, ОУВС, Төлсөн Авснаа Нийтэл эвсэл болон Байгалийн Баялагийн Засаглалын Хүрээлэн зэрэг байгууллагууд уг санаачилгыг дэмжиж ажилладаг байна. Нэг тайланд дурдсанаар:

“Төр болон компаниуд ямар ч чухал асуудлыг нуугаагүй байж болно. Гэхдээ гэрээг ил тод болгохоос зайлсхийн, ил тод болсон зарим хэсэг нь түгшүүр төрүүлэхээр байвал мөнөөх улс төрийн популизм хийх эсвэл зүй ёсоор хийгдээгүй гэж зарлан өмч хөрөнгийг хураах, дахин хэлэлцээр хийх уриалгатай улс төрчдийн тоглолт үргэлжилсээр байх болно” гэжээ.
ОТ-н хөрөнгө оруулалтын бүх гэрээнүүдийг олон нийтэд ил болгосон байдаг ба Turquoise Hill нь Канадын орлогын ил тод байдлын зохицуулалт болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын арга хэмжээний тухай хууль (Extractive Sector Transparency Measures Act “ESTMA”) –г, харин Rio Tinto их хэмжээний “төлсөн татвар” –ын тайланг тус тус гаргаж тайлагнадаг байна. Гэвч асуудал нь ОТ-н гэрээ, бичиг, тоо баримтыг олон нийтэд ил тавьсан эсэхдээ биш юм. Харин тэдгээр тоо баримтыг яаж ашиглах вэ гэдэг юунаас илүү чухал болж байна.

“Нээлттэй Тос” санаачлага (Open Oil: нийтийн ашиг сонирхолд нийцсэн санхүүгийн загварчлал-аар мэргэшсэн байгууллага)-ын жишээнээс харахад энэ төрлийн асуудлаар маргах нь ихэвчлэн ганц өнцөгийн мухардалд оруулдаг: цогц асуудлаас зөвхөн нэг өнцөг эсвэл нэг үзүүлэлтийг гаргаж ирэн нэг бол хэт өндөр эсвэл хэт бага байна хэмээн маргаж болно. Гэвч үнэн хэрэг дээр юу чухал вэ гэвэл, урт хугацааны ашгийн хуваарилалт, төслөөс хоёр тал, эсхүл аль нэг тал нь хэзээ ашиг олж эхлэх, төсөл хэрэгжээд 50 жил, түүнээс цааших хугацаанд талуудын орлого, ашиг яаж өөрчлөгдөх, энэ нь шударга байж чадах уу, эцэст нь хөрөнгө оруулалт хэрэгжихүйц бодит байж чадсан уу гэдэг иж бүрэн, цогцоор нь харж чадах эсэхэд л гол асуудал байгаа юм.

Оюу Толгойг танин мэдэхүй

ОТ нь үйлдвэрлэл болон үйл ажиллагаа талаасаа нарийн ур чадвар шаардсан, үлэмж хэмжээний, цогц хийгээд асар түвэгтэй төсөл юм. 2014 оны сүүл үе гэхэд төсөл хэрэгжүүлэхэд ойролцоогоор 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан гэх ба төслийн хугацаанд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.
Хэлэлцээрийн төсөв, санхүүгийн асуудлыг түвэгтэй болгоод байгаа нэг зүйл нь Засгийн газар 34 хувийг “зээл авах зарчмаар хувь эзэмших” эрхтэй болсон тухай юм. Turquoise Hill болон түүний хувьцаа эзэмшигчид нь төсөл хэрэгжүүлэх зардлыг 100 хувь гаргах боловч эцэст нь төслийн 66 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болж, харин Засгийн Газар аливаа урьдчилгаа хөрөнгө оруулалт огт хийхгүйгээр 34 хувийн хувьцааны эрхийг (төрийн өмчит компаниараа дамжуулан) эзэмших зохицуулалттай.
Уг тохиролцоог бодит байдал дээр хэрэгжүүлэхийн тулд бүх зардал ба орлого, мөн цаг хугацааны явцад талуудын хуваарилах ашиг зэрэг асуудлыг аль аль тал нь хүлээн зөвшөөрөх ёстой. Зарим гол нөхцөлийг дурьдвал:
Хүснэгт 1. Зардал ба орлого: Монгол Улсын Засгийн газар ба Хөрөнгө оруулагчид

Засгийн газар

Хөрөнгө оруулагч

Төслийн зардалд урьдчилан хийх хөрөнгө оруулалт 0 хувь
Давуу тал, байгалийн баялгийн хяналтаа шилжүүлэх

Төслийн зардалд урьдчилан хийх хөрөнгө оруулалт 100 хувь
(+ төсвийн зохицуулалттай холбоотой болон бусад эрсдэл)

Төсөлд оруулах хувь хэмжээнд холбогдох импортын татвар
НӨАТ
Суутган тавар
Ногдол ашгийн 34 хувь (- үндсэн зээл ба зээлийн хүү)
Роялти
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Ногдол ашгийн 66 хувь (татварын дараах ашиг)
Засгийн газарт зээлсэн өрийн хүү (ирээдүйн бэлэн мөнгөний орлогоос төлөх)
Рио Тинтод төлөх менежментийн зардал

+ мултипликатоар эффект буюу бусад салбар (барилга, тээвэр гэх мэт)-т эергээр нөлөөлөх нөлөө, ажлын байр, технологи, г.м.
Төслийг амжилттай хэрэгжүүлэх нэр хүнд >> ирээдүйн хөрөнгө оруулалт

Төслийн цар хэмжээ

Сонирхолтой нь өмнө нь Open Oil байгууллагаас ОТ-н санхүү ба орлогын загвар боловсруулсан байдаг. Загварыг харахад хөрөнгө оруулагч тал ашиг хүртэж эхлэхээс хамаагүй өмнө ОТ төсөл нь Засгийн газарт НӨАТ, нөөц ашигласны төлбөр, гааль болон суутган татвар зэрэг хэлбэрээр өгөөжөө өгч эхэлсэн гэж үзжээ. Turquoise Hill –ийн зүгээс 2017 он хүртэл 1.7 тэрбум ам.долларыг татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн бөгөөд улмаар 2026 он хүртэл мөнгөн сууриар өгөөж хүртэхээргүй байна гэсэн байдаг.

Зураг 1. Оюу Толгойгоос Засгийн газрын хүртэх өгөөж
Опен Ойл загвар
(суурь нөхцөлд тулгуурласан, 20 хувийн суутган татвар авснаар тооцоолбол)

Багасгаж тооцсон гэх суутган татвар “зүй бус зөрчил” мөн үү?

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголд төлөгдсөн татварын орлого 230 сая ам.доллараар их байх ёстой гэх тооцоог СОМО хийжээ. Толгой компаниас олгосон зээлийн төлбөрийг гадаад улс руу шилжүүлэхдээ хүүгээс нь 20 хувийн татвар суутгах ёстой байсан боловч практик дээр хамгийн доод түвшинд тооцсон гэсэн үндэслэлээр энэ дүн гарсан байна (Нээлттэй Тос-ын суурь нөхцөлд тулгуурласан).
Энд суутган татвар гэдэг нь гадаад улс руу шилжүүлэх төлбөрийн хүүгийн нийт орлогоос суутгаж авах татвар юм. Ашгийн татвартай харьцуулахад суутган татварыг тооцон авахад хялбар бөгөөд компаниуд татвар өндөр орноос татвар бага орон руу ашиг орлогоо шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл болдог. Ашгаа шилжүүлдэггүй байсан ч суутган татвар нь төслийн хэрэгжиж өгөөж өгч эхлэхийг тодорхойгүй хугацаанд хүлээхгүй, хөрөнгө оруулалтын эхэн үед ч өгөөж бий болгох харьцангуй таатай нөхцөлтэйд тооцогддог.
Гэтэл хүүгийн өндөр татвар нь зээлсэн мөнгөнд ногдох импортын татвартай адил хөрөнгийн зардлыг өсгөдөг. Тиймээс улс орнууд давхар татварын гэрээ байгуулах замаар гадагш хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлж суутган татварын хувь хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах сонирхолтой байдаг.
СОМО –ийн хэлснээр суутган татварын хувь хэмжээ 10 хувь байгаа нь Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээгээр бууруулсан хэмжээ бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан уг давхар татварын гэрээг Монгол улс удалгүй өөрийн санаачилгаар дангаараа хүчингүй болгосон учраас хувь хэмжээг буруу тооцсон гэж үзэж байгаа юм. Гэвч Turquoise Hill-н маргаж буйгаар хэрэв төслийн зээлийг Канад улсаас шууд авсан бол хүүгийн орлогод мөн адил 10 хувь суутгагдах байсан гэжээ. Үүнтэй адилаар хэрэв Англи, Франц эсвэл Германаас зээл авсан бол бас л 10 хувийн татвар суутгагдахаар байна. Харин ч Хөрөнгө оруулалтын гэрээг зурах үед Монголд 30 давхар татварын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тэдгээрээс 4-т нь хүүгийн суутган татварын хувь хэмжээг заасан ба ингэж заахдаа 10 хувь гэж заагаагүй 1-т нь өндрөөр, 3-т нь бага байхаар тусгасан байжээ. ОУВС-аас Монголын давхар татварын хэлэлцээрүүдийг хянах үед суутган татварыг стандарт 10 хувьд барьж батлах зөвлөмж өгсөн байдаг.

Тиймд 10 хувийн татварын хувь хэмжээ нь тийм ч онцгой нөхцөл биш гэж үзэхээр байна. Харин СОМО бас нэгэн асуудлыг хөндсөн байдаг: татварыг зөвхөн хөрөнгө оруулагчид ногдох хувь хэмжээнд төлж, Засгийн газарт ногдох хувь хэмжээнд ногдохыг хасаж тооцсон. Тэгэхээр 10 хувь нь бодит байдал дээр 6.6 хувь болж буурсан байна гэжээ. СОМО үүнийг суутган татварын хувь хэмжээг дахин бууруулсан гэж үзсэн ба суутган татвар нь хүүгийн төлбөр хүлээн авагч аливаа талын үүрэг болохоос төлбөр төлөгч талын үүрэг биш гэсэн үндэслэл дурджээ. Түүнчлэн СОМО “энэхүү зохион байгуулалтын цаадах гаргалгаа нь гайхширал, түгшүүрийг зэрэг төрүүлэхээр байна” гэжээ [үгчилэл].”

Гэвч уг тайлан нь суутган татварыг бизнесийн практикт хэрхэн тооцдог талаарх тайлбарыг орхигдуулжээ. Татварын зардлыг үнэлэх шаардлагатай бөгөөд ингэснээрээ зээлдэгчийн зардлыг өсгөдөг болохоос зээлдүүлэгчийн авах ашгийг бууруулдаггүй. Амьдрал дээр хүүгийн хувь хэмжээг багтаасан дүнг “бүх татварын цэвэр дүн” гэж тодорхойлж зээлдэгч нь төлөх ёстой төлбөртөө суутган хүүгээ шингээж тооцдог. Хэрэв суутган татвар Эрдэнэс-ийн эзэмших хувьд тооцогдохоор байсан бол Засгийн газар төслөөс нэмж мөнгө зээлэн өөрөө өөртөө төлөх байж. Ингэх нь орлогыг урьдчилан авсанд тооцогдож харин суутган татварын үр өгөөжийг олон жилийн дараа авах ногдол ашгийн өгөөжөөс хүүгийн хамт хасаж тооцох шаардлагатай болж байна.
Энэ асуудлыг “зөрчил” гэж СОМО-н үзсэн нь нэг бол хэтрүүлэг эсвэл эндүүрэл байхыг үгүйсгэхгүй ч, хэлэлцээр байгуулах үеийн суутган татварын асуудлыг бүрэн гүйцэт ойлгосон уу гэдэг асуулт урган гарч байна. Магадгүй энэ нь өнөөг хүртэл төлсөн татварын хувь хэмжээг тооцохоос илүү нухацтай асуудал ч байж болох юм. Опен Ойл-ын суурь нөхцөлд тулгуурласан загвараар хүүгээс тооцох 20 хувь эсвэл 6.6 хувийн суутган татварын зөрүүнд төслийн нийт хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын татварын зөрүү бууруулаагүй дүнгээр гарахаар байгаа ба харин Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээний дагуу хасагдсан ногдол ашигт тооцох 20 хувь эсвэл 0 хувийн суутган татварын зөрүү дүн нь ойролцоогоор 3.7 тэрбум ам.доллар болохоор байна.

Turquoise Hill-ээс хувьцаанд хөрөнгө оруулагч нь Голландын аж ахуйн нэгж гэдгийг эхнээсээ мэдэгдэж байсан гэж мэтгэлцдэг. Тиймдээ ч холбогдох татварын гэрээг дагаж мөрдөхөө ил тод зарлаж байсан. Бид СОМО-н дүгнэснээр хэрэв зээлд нэмэлт 13.4 хувийн татвар суутгах эсвэл хэлэлцээрийн бусад хэсэгт хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүйгээр төсөл бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн СОМО-н баталж буйгаар Канадад хүлээж авсан хүүгийн орлогоос 26 хувийн татвар тооцох ч боломжгүй байна.
Гэрээний аль аль талын зөвшилцөлд оролцогчид энэхүү суутган татварын асуудлыг ярилцахгүй өнгөрсөн байх магадлал тун бага. Гэвч төслийн өгөөжтэй холбоотой асуудлыг Засгийн газар, бүр цаашлаад нийт иргэд бүрэн ойлгож чадсан уу гэдэг асуулт хэвээрээ үлдэж байна. Төсөлд ашигласан ОУВС-ын болон Опен Ойл-н аль алиных нь загварт Нидерландтай байгуулсан байсан давхар татварын гэрээний асуудлыг зохистойгоор авч үзээгүй нь давхар татварын гэрээний үр нөлөөг мэргэжлийн ажиглагчид ч тооцоолж чадахуйц хэмжээнд тодорхой байгаагүйг харуулж байгаа юм. Turquoise Hill болон Монголын татварын алба нарын хооронд компанид ногдох татварын хувь хэмжээг хэрхэн тооцоолох талаар маргаан үүссэн байгаа. 2014 онд 127 сая ам.долларын татварын зөрүү торгуулийг 2010-аас 2013 оны тайлант хугацаанд төлөгдөөгүй гэж үзэн ногдуулсан байдаг. Маргааны эцэст энэ дүнг 75 гаруй хувиар бууруулж тооцжээ. Одоогоор Turquoise Hill нь 2013-2015 оны хооронд төлөх ёстой байсан татварын хувь хэмжээ 5сая ам.доллар байх уу 155 сая байх уу гэдэг дээр Монголын татварын байгууллагатай маргаж байгаа юм. Дээрх тоог салбарын шинжээчид гаргаж ирсэн ба мөн суутган татвар энд багтжээ.

Гэрээний ил тод байдлыг хангах нь гарц мөн үү?

Байгалийн баялагтай холбоотой гэрээг олон нийтэд ил болгох нь улам бүр хэвшиж байна. Харин тоон үзүүлэлтүүд болон хуулийн баримт бичгүүдийн учрыг олох нь амаргүй бөгөөд аливаа тохиролцооны хувьд эрх хэмжээгээ урвуулан ашигласан бөгөөд цоорхой ихтэй гэж тэр бүр сайн үндэслэлгүйгээр нотлох эрсдэл байдгийг энэ жишээ харуулж байна.
Дэлхийн Банк, ББЗХ болон Тогтвортой Хөрөнгө Оруулалтын Колумбын Төв зэрэг байгууллагууд байгалийн баялгийн гэрээг хялбар хайж олох боломжтой мөн ойлгоход дөхөм байдлаар тайлбарласан ResourceContracts.org мэдээллийн дата санг бий болгон нийтийн хүртээл болгож мэдлэгийн орон зайд хувь нэмэр оруулах болжээ. ББЗХ-ээс Монголын болон бусад орны иргэний нийгмийн байгууллагууд, парламентын гишүүдэд гэрээнд дүн шинжилгээ хийх чиглэлээр сургалт, төрөл бүрийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Open Oil нь газрын тос, хий болон уул уурхайн төслүүдийн төсвийн нээлттэй загвар боловсруулж ажиллаж байна.

Гэвч гэрээний нөхцөлийг зөвхөн нэг өнцгөөс харах нь бодит байдлыг үнэн зөв илэрхийлж чадахгүйн дээр үндэслэлгүй буруутгал руу хялбар мушгиж болох уршигтай. Aли Редхед болон Давид Михайлий нар Монгол Улсын Засгийн газар болон Turquoise Hill нар хувьцаа эзэмшигчдийн авсан зээл, төслийн санхүүжилтын зээл болон ирээдүйн ногдол ашигт тооцох суутган татварын хувь хэмжээний талаар хамтарсан мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ер нь газрын тос, байгалийн хий болон уул уурхайн гэрээнд тусгагдах, төсвийн загвар боловсруулах үндсэн хэмжигдэхүүн, холбогдох хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрийн “нөхцөлийг” олон нийтэд нээлттэй болгох нь тус дөхөм болох магадлалтай. Ингэснээр гэрээний ил тод байдал болон төсвийн загварын хооронд томоохон холбоос бий болгох ба стандарт загвар ашигласнаар оролцогч тал бүр, олон нийт аливаа хэлэлцээрийг бүрэн дүүрэн дүгнэх мэдээлэлтэй болох юм. Компани болон төр засгаас олон нийтийн ойлголтыг сайжруулах мэдээллийг урьдчилан өгч, түүний зэрэгцээ гэрээг бүрэн эхээр нь нийтэд ил тод мэдээлж болох юм.
Гэрээний нөхцөлийг ил тод болгохоос гадна тухайн мэдээллийг хэрхэн тайлбарлах, хэрхэн ашиглах, тооцооллыг хэрхэн хийхийг сургах нь ч ач холбогдолтой. СОМО-н тайлан тухайн байгууллагын өөрийнх нь чанарын стандартын дагуу боловсруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тайлангийн төслийг Рио Тинто руу Зул сарын баяр болохоос 2 өдрийн өмнө илгээсэн байдаг ба тайлангийн эцсийн хувилбарыг 1 дүгээр сард нийтэлсэн нь компаниас тайлбар авах, тайлбарыг харгалзаж үзэх тодорхой хугацаа өгөөгүйг харуулна. Ингэж хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргахад нэгэн нууцлаг “төсвийн мэргэжилтэн” зөвлөгөө өгсөн нь ч нөлөөлсөн байж болох талтай. Тэр “мэргэжилтэн” төслийн санхүүжилтийн талаар сайн мэдлэгтэй байсан эсэх нь тодорхойгүй боловч үгүй байх магадлал өндөр байна. Харин Oxfam уг тайланг нягтлан үзэлгүйгээр нийтэд цацахад хангалттай гэж үзсэн нь хачирхалтай.

Хэрэв бид илүү итгэл төрүүлэхүйц, нухацтай дүн шинжилгээ шаардлагатай гэж үзвэл дээрх байгууллагуудын үнэлгээний хийгээд тайлагналын стандартууд нь хангалттай биш байгаа юм. Илүү чанартайг хүртэхийн тулд хэрэглэгч илүү чанар шаардах нь зүйн хэрэг.
Харин энэ нөхцөлд хэрэглэгч гэдэгт олборлох салбар болон нийтийн орлогын талаар олон нийтийн гаргаж тавьсан дүн шинжилгээг унших, бичих, санхүүжүүлэх (иш татах, жиргэх, санах, ашиглах гэх зэргээр) шаардлага байна гэж үзсэн хэсэг бүлэг хүмүүс багтах юм. (Хэрэв энэхүү блогийн төгсгөлд хүрсэн бол Та ч энэ бүлгийн нэг гишүүн нь боллоо гэсэн үг). Чанар нь хангалтгүй дүн шинжилгээг уншсан хэрэглэгч (уншигч) бодит байдлыг үнэн зөв тодорхойлсон тайлан хийгээд жинхэнэ дуулиан гэх том гарчигтай хов живийн хоорондох ялгааг олохгүй өнгөрч байгаа хэрэг болно.

Rhodante Ahlers, Vincent Kiezebrink, Ross Lyons, Ali Readhead, David Mihalyi, Dan Neidle, Alistair Watson, Paddy Carter нарт санал бодлоо илэрхийлсэнд талархал илэрхийлье.

Англи хэл дээрхийг энэ холбоосоор харна уу